“Урлаг байгаа газарт хүнлэг дулаан нийгэм оршдог”
Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх ариун үйлстэй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Урлаг бол хүүхдийн гоо зүйн мэдрэмж, хайрлах ухаан, авьяас билгийг нээн илрүүлж, ёс зүйт хүмүүнлэг төлөвшлийг бие хүн бүрт цогцоор нь суулгаж өгдөг онцгой үүрэгтэй. Академик мэдлэгийг урлагийн боловсролтой хослуулж сэтгэлгээний эерэг хандлагатай, цогц ур чадварыг эзэмшсэн дэлхийн Монгол иргэнийг бүтээх зорилгын дор нэгдсэн манай хамт олон боловсролын байгууллагуудыг урлагийн хөтөлбөр, мэргэжлийн багшаар ханган, тэднийг дэмжин тусалж хамтран ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Технологи, инновац, нийгмийн үсрэнгүй хөгжил дэвшлийн үр дүнд бидний амьдралын хэв маяг, сурганы уламжлалт арга барил үндсээрээ өөрчлөгдөж, дижитал шилжилт хэмээх үйл явцын нэн сонирхолтой цаг үед ажиллаж, амьдарч байна. Технологийн дэвшил нь сургалтын явцыг хурдасгаж, багшийн хүртээмжийг нэмэгдүүлэн, сурагч цаг хугацаа орон зайнаас үл хамааран зогсолтгүйгээр илүү бүтээмжтэйгээр суралцах таатай боломжийг бүрдүүлсээр байна.
Бидний зүгээс Монгол улсын ерөнхий боловсролын сургалтад анх удаа “ЛЕГАТО – Урлагийн боловсролын цогц хөтөлбөр”-ийг хөгжүүлэн боловсруулж, танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна.
Энэхүү хөтөлбөрийг үе үеийн урлаг соёлын авьяастнуудыг төрүүлсэн эрдэмтэн багш нар, мэдээллийн технологийн туршлагатай инженерүүдийн баг хамтран ажиллаж, мэргэжлийн заах арга зүйн туршлага дээр үндэслэн, системчилсэн чанартай мэдлэг, ур чадвар олгох танхим болон цахим хосолсон сургалтыг дэвшилтэт шинэ аргаар нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Урлаг нь амьдралаас ангид байх аргагүй учраас түүгээр дамжуулан хүүхдийг нийгэм болон амьдралаа танин мэдэхэд нь дэмжиж, эзэмшвэл зохих цогц боловсролыг түгээхийн төлөө та бүхний санал хүсэлт, хэрэгцээ шаардлагыг сургалтдаа тусган хамтран ажиллахад таатай байх болно.